|
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж итгэмжлэх жуух бичиг барьсантайгаа холбогдуулан 2010 оны 3 сарын 1-3-ны өдрүүдэд Хэссэн муж улсад танилцах айлчлал хийв. Элчин сайдыг Хэссен муж улсад айлчлахад ЭСЯ-ны зөвлөх Д. Моононцагаан хамт явав. Муж улсын Ерөнхий сайд Роланд Кох Элчин сайдад мэндчилгээ дэвшүүлж, түүний Хэссэнд хийж буй айлчлалд амжилт хүсэв. Элчин сайд Б.Даваадоржийг Хэссэн муж улсын ерөнхий сайдын орлогч бөгөөд хууль зүй, интеграц, Европын асуудал эрхэлсэн сайд Иөрг-Уве Хаан Вийсбадэн хотноо хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар найрсгаар ярилцав.
Хэссэн муж улс, Монгол Улсын хооронд 2002 онд гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийн дагуу хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг хоёр тал тэмдэглээд Монгол Улсын Ерөнхий сайд нар 2002, 2009 онд ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэх, эдийн засаг, боловсрол, хууль зүйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Мөн түүнчлэн Хэссэн муж улсын засгийн газрын өндөр хэмжээний төлөөлөгчид 2011 онд Монгол Улсад айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, цаашдаа хууль зүй, дээд боловсрол, банк санхүү, know-how, технологийг онцлон анхаарахаар зарчмын хувьд тохиров.
Хэссэн муж улс Монгол Улсад кадастрын албыг шинэчилж хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж, цагдаагийн байгууллагад тусгай зориулалтын автомашинууд бэлэглэж, манай оюутнууд тус мужийн их дээд сургуульд суралцаж, янз бүрийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж ирсэн юм.
Элчин сайд Б.Даваадорж мөн өдөр муж улсын парламентад зочилж хуралдааны явцтай танилцах үеэр Ландтагийн удирдлага Элчин сайдад баяр хүргэв.
Элчин сайд Б.Даваадорж айлчлалынхаа хүрээнд Майн дахь Франкфурт хотноо Германы Зүүн Азийн нийгэмлэгийн жилийн хуралдаанд оролцож, Монгол Улсын хөгжлийн өнөөгийн чиг хандлага, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа, тухайлбал уул уурхайн салбарын талаар болон монгол-германы иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудал, зорилтын тухай илтгэл тавив.
Энэхүү хуралдаанд Тюссэн Крупп, Дойчэ банк, Коммерц банк зэрэг томоохон банкууд, Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, МБЭ нүүрс, эрдэс түүхий эдийн технологийн ХХК зэрэг германы бизнес, банк санхүү, уул уурхайн машин төхөөрөмжийн томоохон үйлдвэрийн газрууд, бизнесийн бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэрлэл, ашигт малтмалын салбарт германы бизнесийн хүрээнийхэн, дэлхийд нэрд гарсан томоохон пүүс, компаниуд, ялангуяа уул уурхайн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид идэвхтэй оролцох, идэвхтэй ажиллах асуудал тулгамдаж буйг хуралдаанд оролцогчид санал нэгтэй тэмдэглэж байв.
Дээрх хуралдаан Монгол Улсын ардчилал, шинэчлэлийн үйл явц, эдийн засаг, зах зээл, ялангуяа уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлага, эрх зүй, бизнесийн орчны талаарх шинэ мэдээ, шинэлэг тоо баримтуудыг монголтой хамтран ажиллаж буй болон хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, шинжилгээ судалгаа явуулж буй германы банк санхүү, бизнесийн төлөөлөгчдөд танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэл нөхцлийг тодруулахад чухал ач холбогдолтой боллоо.
Мөн өдөр Элчин сайд Б.Даваадорж Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны хуралдаанд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил, эрэлт хэрэгцээ, хоёр талын хамтын ажиллагааны явц, цаашдын төлөв, боломж нөхцлийн талаар мэдээлэл хийлээ. Уул уурхайн салбарын мэдээллийн сүлжээ, 2010 оны 9 дүгээр сард Улаанбаатарт болох уул уурхайн машин тоног төхөөрөмжийн "Discover Mongolia" яармаг зэрэг асуудалд оролцогчдын анхаарлыг хандуулж хамтран ажиллахыг хүслээ.
Дараа нь германы бизнесийн төлөөлөгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, зөвлөлдөв.
Элчин сайд Б.Даваадорж Хэссэн, Райнланд Пфальц, Тюринг муж улсуудад Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй ерөнхий өргөмжит консул Д.Пфайл болон Франкфурт хотноо байрладаг Германы миграц, хөгжлийн төвийн төлөөлөлтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ. |